Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар нь тус аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдын ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, сумдын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын Цагдаагийн тасгийн хүүхдийн байцаагч, сум дундын хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны холбогдох мэргэжилтнүүд, улсын өмгөөлөгч нарыг хамруулсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах” сэдвээр уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалж, хүүхдээс мэдүүлэг авах ажиллагааг нас хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон арга хэлбэрээр, олон улсын стандартад нийцсэн орчинд явуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, шүүх, прокурорын байгууллагаас хүүхдийн эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх талаар онцлон тэмдэглэж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг болсон чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болсоныг онцоллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар